"Зөв Ярих Ухаан"

2011-12-11 22:33

 

Аав ээжүүд хүүхдүүдээ зөв яриулж сургах, эмч өвчтөндөө эрүүл саруул болох итгэл найдвар өгөх, багш сурагчдадаа хичээлээ зөв ойлгуулах, дарга ажилтнуудаа урамшуулан зоригжуулах, улс төрчид мөрийн хөтөлбөрөө таниулах, бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах асуудал бүх цаг үед л байсан. Иймээс хүн бүр уран илтгэгч болох албагүй ч харин зөв сайхан ярих ухаанд суралцах шаардлагатай. Харин хэрхэн зөв сайхан харилцаж сурах вэ, бодож сэтгэж байгаа нь далайцтай боловч яагаад онож илэрхийлдэггүй вэ, хангалттай мэдлэг туршлагатай боловч яагаад үр дүнтэй илтгэдэггүй вэ? гэх асуултанд “Зөв ярих ухаан” ном хариулна. Ном дөрвөн үндсэн хэсгээс бүтнэ. Эхний хэсэгт жинхэнэ илтгэгчийн онцлог шинж, зан чанар, ур чадварын талаар өгүүлнэ. Илтгэгч хүн мэдлэгээ мэдэрч илэрхийлдэг, итгэл төгс байдлаараа өөрийн цог жавхлангаа харуулдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл хосолмол буюу “ХАС” чадварт илтгэгч зайлшгүй суралцах тухай эхний хэсгээс уншаарай.

Номын хоёрдахь хэсэгт харилцагч сонсогчоо зөв таних, тэдэнд яриагаа нийцүүлэх талаар бичсэн. Зарим тохиолдолд цаг хугацаа, нөхцөл байдал бидний яриаг чиглүүлдэг. Зарим үед бид хэлж буй үгсээрээ цаг хугацаа, нөхцөл байдлыг удирдах замаар хүмүүсийн бодол мэдрэмжийг өөрчилдөг. Баяр болж байвал баярын уур амьсгалд нийцүүлж л ярих хэрэгтэй. Гашуудал, гай гамшиг тохиолдсон үед нөхцөл байдлыг соргогоор мэдэрч хэлэх үгээ нийцүүлэх хэрэгтэй шүү дээ. 

Гуравдахь хэсэгт илтгэл ярианы бүтэц зохиомж, баталгаа нотолгооны талаар тодорхой өгүүлнэ. Нэг хэсэг хүний яриа жишээгээр баян байхад заримынх нь тоо баримтаар дүүрэн. Ямар үед жишээ хэлбэл, ямар үед баримтаар баяжуулбал яриа зөв бүтэцтэй болох талаар энэ хэсэгт тодруулна. Сүүлийн жилүүдэд илтгэл яриаг янз бүрийн зорилгоор ашиглаж байна. Нэн ялангуяа илтгэл бэлдэх, хүргэх аргачлалыг бизнесийн харилцааны салбарт түлхүү ашиглаж эхэллээ. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтийн бодол санаанд хоногшуулах, хэрэглэгчийн хандлага, амьдралын хэв маягт эерэг нөлөөлөхийн тулд ятгах хуулиудыг ашиглаж эхэллээ. Ятгах яриа бол илтгэл ярианы бусад төрлүүдээс хамгийн хэцүү нь. Энэ аргачлалд хэрхэн суралцах талаар номын 9-р бүлэгт сийрүүлсэн тул эрхэм таны сэтгэлийг хөдөлгөн, сонирхолыг татах нь дамжиггүй.

Сүүлийн хэсэгт яриагаа илэрхийлж хүргэх эв дүйн талаар саналаа хуваалцана. Хичнээн чухал зүйлийн талаар өгүүлж байсан ч ярьж буй арга нь нэг хэвийн бол, эсвэл хэтэрхий хиймэл бол хүмүүс сонсохгүй. Нэг бол сонсогчид уйдаж анхаарал нь сарнина, нэг бол залхана. Иймээс өгүүлж буй ярианыхаа утга, танхимын орон зай, нөхцөлд дүйсэн дохио зангаа, дуу хоолойн хэмнэлээ тохируулах заавар зөвлөмжийг сүүлийн хэсгээс аваарай.

Like | Ангилал : Мэдэхэд илүүдэхгүй | Нийтэлсэн : Temuk4 | Уншсан (318) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл